Монгол дахь улстөрийн намууд
Монголд улстөрийн нам байгуулагдсан цагаас хойш эдүгээ хүртэлх 85 жилийг туулсан. Энэ бол улстөрийн нам жинхэнэ утгаараа улстөрийн системийн бүрэлдэхүүн болж иргэдийн улстөрийн санаа бодлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх механизмуудыг гажуудуулахгүйгээр улстөрийн систем эрүүл төлөвших хангалттай хугацаа. Гэвч Монгол дахь намын уламжлал тийм ч дардан байсангүй. Эхний үед нэг нам дарангуйлсан ардчилсан бус тогтолцоо 70 гаруй жил ноёрхож байсан бөгөөд цорын ганц МАХН хэмээх улстөрийн байгууллага төрийн захиргааны төдийгүй нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрийн нэгж төлөөллийн байгууллагаа байгуулж төрийн аппаратаас ч илүү бэхжиж байсан юм. Удаах үе нь 1990 оны ардчилсан хөдөлгөөний ялалтын үр болж олон намууд байгуулагдаж, чөлөөтэй өрсөлдөх болсон өнөө үе болно. Намын түүхийн дээрх үе шатуудыг улстөрийн дэглэмийн хүрээнд шууд харьцуулах боломжгүй ч зарим нэг шинж болох намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд адил төсөөтэй шинжүүд харагдаж байгааг үгүйсгэхгүй байх.
Авторитари дэглэмийн үед МАХН-ыг улс орон даяар магтан дуулж, Үндсэн хууль болон бусад хуулиндаа “…төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” [БНМАУ-ын Үндсэн Хууль. 1962, оршил] гэж тунхагласан байдаг. Иргэдийн хувьд намд элсэх шалгуур өндөр учир нийгмийн сэтгэл зүйд нам хэмээх байгууллагын гишүүн болсноор дарга болдог, амьдралаа сайжруулдаг, хүмүүст хүндлүүлэх хувь тохионо гэсэн хандлага хүчтэй байсан. Энэ үед МАХН нийгмийн бүхий л хүрээг хяналтандаа байлгаж хөрөнгө санхүү, боловсон хүчний бодлогоор сайтар бэхжиж чадсан.
Харин 1990 онд нийгэм-улстөрийн бүхий л үйл явц нээлттэй ил тод болохын зэрэгцээ анхны ардчилсан хууль болох “Улстөрийн намуудын тухай хууль”-ийг 1990 оны тавдугаар сард АИХ баталснаар шинээр улстөрийн намууд байгуулах эрхзүйн орчин бүрдсэн юм. Энэ цагаас хойш эдүгээ 30 гаруй улстөрийн нам байгуулагдсан ч улстөрийн өрсөлдөөний дунд нэгдэн нийлэх болон задрах үйл явцын дүнд одоогоор 21 улс төрийн нам Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй байна.
Хуулийн этгээдийн хувьд хүчинтэй эдгээр намуудаас иргэдийн улстөрийн сонирхлыг илэрхийлж, нэгтгэж, хэрэгжүүлж чадах, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нам цөөхөн байна. Судлаачид манай орныг “олон намын тогтолцоотой” ардчилсан улс гэж дүгнэдэг. Үүнд, Доктор Тодд Лэндмэн 2005. “State of democracy in Mongolia”, Fritz (2002) Mongolia: Dependent Democratization, S.Fish (1998) ‘Mongolia: Democracy without Prerequisites’, Б.Дэлгэрмаа (1997) “Улстөр судлал”, А.Цанжид (1996), (1999) “Улстөрийн шинжлэх ухаан”, М.Энхсайхан (1996) “Орчин үеийн улстөрийн нам”, Д.Болд-Эрдэнэ (2000) “Монголын улстөрийн нам, намын системийн төлөвшлийн асуудал”, Ц.Ганболд. (2001) “Улстөрийн шинжлэх ухаан” зэрэг олон судлаач намын системийн ангилах хуучирсан аргыг ашиглаж нэг намын, хоёр намын, олон намын систем гэж хувааж, шууд хуулбарлан хэрэглэж байна.*
Гэвч өнгөрсөн 15 жилийн хугацаанд улстөрийн тавцан дахь байр сууриа тогтвортой хадгалж, 1992, 1996, 2000, 2004 онуудын парламентад тодорхой суудал авч, бодит засгийн эрхийг 2-3 нам ээлжлэн барьж байна. Гэвч засаглагч намуудын бодит хандлагаас харахад нэг нам ноёрхсон улстөрийн дэглэмд шилжиж байгаа нь тодорхой байна.
Орчин үеийн улстөрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал болон дэлхий нийтийн хандлагаас ажиглахад намын системийг ангилахдаа бүртгэлтэй болон парламентанд суудал авсан намуудын тоогоор бус бодит засгийн эрхэнд буй намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаар тодорхойлох боломжтой. Судлаач Ж.Сартори, М.Дюверже, Alan Ware** нар энэ үзэл баримтлалын голлох төлөөлөгчид юм.
Өнгөрсөн хугацаанд намууд, мөн намын систем бүрэн төлөвшиж чадаагүй ч, өнөөдөр тулгарж буй бодит бэрхшээл нь Монголын нам, намын системийн төлөвшлийн үйл явцад хүчтэйгээр нөлөөлж байгаа нь илэрхий. Тодруулбал, Монгол дахь улстөрийн намуудын төлөвшилд сөргөөр нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлс байна. Үүнд: эрхзүйн орчин хангалттай бүрдээгүй, намууд үзэл суртлаа тогтож амжаагүй, дотооддоо нээлттэй бус ардчилалгүй байгаа, нам бүр харизматик лидерүүд дагсан бүлэглэл, намуудын үйл ажиллагаа нь бие биеэ үгүйсгэсэн зэрэг болно. Эдгээр нийтлэг дүр төрх нь улмаар хоёр намын систем тогтох үйл явцаас халтирч нэг нам ноёрхсон дэглэм тогтоход түлхэж байгааг нуух аргагүй. Тодорхой хэлэхэд судлаачдын зүгээс өнөөгийн Монголын намууд дотооддоо ардчилалгүй, харилцаа, хамтын ажиллагаа сул, улмаар намын системийн төлөвшил нь нэг нам ноёрхож, “дагуул” жижиг намуудтай системд шилжээд байна. Ноёрхогч нам нь орчин үеийн МАХН, сөрөг хүчин гэгдэх бусад нам нь анх л МАХН-ын эсрэг байгуулагдсан бусад шинэ нам болоод хувирчээ.
Харин манай улстөр судлаачид хоёр намын систем төлөвших хандлага өндөр байна. Хоёр намын систем нь манай орны улстөрийн системд илүү тохиромжтой гэж дүгнэж байдаг. Чухамдаа намууд дотооддоо ардчиллын суурь үнэлэмжүүдийг мөрдөж, хоорондоо шудрага өрсөлдөж, зөв төлөвшсөн бол хоёр намын системд шилжих амархан, бас ч зөв байсан нь гарцаагүй. Гэвч намууд төлөвших гэж бүдчсээр байтал нэг намд эрх мэдэл бүрэн төвлөрч, намын системийн хөгжилд гажуудал ирээд байгааг бид харж байна.
Их эвслийн Засгийн газар
Сонгуульд өрсөлдөж, парламентад аль олон суудал авсан нам нь засгийн газраа байгуулдаг ардчилсан зарчим байдаг. Гэвч үнэндээ энэхүү зарчим нь угтаа улстөрийн намд эрх мэдлийг төвлөрүүлэх үндсэн хөшүүрэг болдог. 1992 оноос эхлэн дөрвөн удаагийн ардчилсан сонгуульд МАХН хоёр удаа (1992-1996, 2000-2004), Ардчиллын төлөөх намууд нэг удаа хамтарч (1996-2000), 2004 оноос эхлэн анхны “Их эвсэл”-ийн (МАХН болон АН, ИЗ-БНН-уудын хамтарсан) Засгийн газраа байгуулж ажиллаж байна. МАХН болон ардчиллын төлөөх жижиг намууд хамтарч “Их эвслийн” Засгийн газар байгуулж байгаа нь бидний хувьд анхны тохиолдол. Гэхдээ анхны юм бүхэнд алдаа байдаг гэдэг үгээр бүхнийг зөвтгөж хараахан болохгүй. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулиас хүчин чадалтай “Зөвшилцөл” 1, 2, 3, 4 баримт бичгүүдийг намууд хамтран хийж, баталж үйл ажилагаандаа мөрдлөг болгож байна. Мөн эрх баригч намуудад таалагдахгүй байгаа хууль тогтоомжийг өөрсдөдөө тааруулж баталж байна. Үүний хамгийн сүүлийн жишээнд 2005 оны нэгдүгээр сарын 26-нд баталсан “Улстөрийн намын тухай хууль”-ийг хэлж болно. [http://www.parl.gov.mn, 2005]. Энэ хууль батлагдсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч найман заалтад тавьсан хэсэгчилсэн хориг болон жижиг намуудын шүүмжлэлд өртсөн. 2005 оны хоёрдугаар сарын 17-нд УИХ дахин хэлэлцэж уг хуулийн 9.3.6, 10.1.4. заалтуудыг хүчингүй болсонд тооцож, 13.9, заалтыг нэмэж, 21.2, 23.2. заалтуудыг өөрчлөн найруулсан байна. [Улстөрийн намын тухай хууль. 2005]
Ардчилсан эрхзүйт төрийн үзэл санаа бол хуулийн хүрээнд төрийн бүхий л үйл ажиллагаа зохицуулагдах байтал манай засаглагч намууд өөртөө тааруулж хуулийг өөрчилдөг ардчилсан бус жишиг тогтоод байна.
Одоогоор парламентад улстөрийн таван нам суудалтай ч, аль ч нам нь олонхи буюу 39 ба түүнээс дээш суудал аваагүй юм. Ийм нөхцөл байдал нь намуудыг хамтран засгийн газраа байгуулах боломж олгосон. 2004 онд 36 суудалтай МАХН, 34 суудалтай “Эх орон-Ардчилал” эвслүүд хавсран засгийн газар байгуулж ажилласан ч, Эх орон-Ардчилал эсвлийг бүрдүүлж байсан АН, Эх орон МАШСН, ИЗ-БНН намууд задарсан. Харин гурван нам /МАХН, АН, ИЗ-БНН/-уудын засгийн газар ажиллаж байгаа ч, хүчтэй сөрөг хүчингүй парламент болоод байна. Хэдий парламентад хоёр нам /Эх орон нам, МБНН/-ууд болон бие даан нэр дэвшигчид буй ч бодлогын төвшинд үйл ажиллагаа хянах, нөлөөлөх боломж байхгүй байна.
МАХН ноёрхогч нам болох нь
Ардчилсан бус коммунист тогтолцооны үед дангаар засаглаж байсан МАХН, өнөөгийн олон намтай, чөлөөт сонгуультай, ардчилсан нийгэмд ч бас л ноёрхож байна. Монголд ноёрхогч нам тогтсноор төрийн бодлого дахь нэг намын ноёрхол тогтож, улстөрийн эрс ялгаатай болон үл ялгагдах өрсөлдөөний үр дүн нь ардчиллын ололт, үнэлэмжийг буурч байна.
Ноёрхогч намын онолын хүрээнд дээр өгүүлсэн ноёрхогч намын шинжүүд МАХН-д бүрэн илэрч байна. Үүнд, нам дотроо альтернатив үзэл санааг /фракци/ дэмждэггүй, харизматик лидерийг шүтсэн, дотооддоо ардчилсан төвлөрлийг баримталсан, төрийн санаачлагыг боогдуулах, бодлогын шинэчлэлд саад болох, өөртөө төвлөрсөн үйл байдлыг тэтгэх, улстөрийн эрх мэдлээс зарим намуудыг хасах, намуудын дунд өрсөлдөөнгүй өрсөлдөөнийг зохион байгуулах, сонгуулийг хуулийг ноцтойгоор зөрчих зэрэг болно.
Мөн сонгогчдын сэтгэлзүйд “ард түмний сонголт”, “зөвшилцөл” хэмээх уран гоё үгсээр хууран намд эрх мэдэл хэт төвлөрүүлж, төрийн эрх мэдлийг нэг нам улиран барьж, үүнийг төрийн тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанар алдагдахгүй, шударга өрсөлдөөн, ард түмний сонголтыг хүндэтгэх, улс орны эдийн засгийг аврах нэрийн дор төрийн удирдлагын тохироо хийж (улстөрийн манипуляци), эрх баригч нам олигархиудыг тойрсон эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдээс бүрдэж байна.
Өнөөдөр ноёрхогч нам бэхжихэд МАХН-ын уламжлал, МАХН ба бусад намын харилцаа, хамтын ажиллагаа, МАХН-д хэдий нь тогтсон хошуучлалын зарчмууд, нам доторхи ардчилсан төвлөрөл, гишүүд, дэмжигчдийн туйлшрал ба намчирхах үзэл зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Эдгээр хүчин зүйлсийг тодруулъя.
Намын уламжлал: Манай төрт ёсны түүхийн арвин баялаг уламжлалтай ч, улстөрийн намын үүсэл, хөгжил, улстөрийн системд эзлэх байр суурийг харьцангуй сүүл үеэс буюу ХХ зууны эхнээс судалж үзэх нь гарцаагүй. Анх 1920 оны зургадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлгэмүүд нэгдэж МАН /Монгол Ардын Нам/ -ыг байгуулсан. Улмаар улстөрийн нам хэмээх институтыг өрнөдийн сонгодог улстөрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хадгалсан улстөрийн байгууллага болгож төлөвшүүлсэн. МАН-ын төлөвшилд тухайн үеийн Оросын коммунист намын хүчтэй нөлөөлж МАХН гэж нэрээ сольж зүүний намын хэв шинжийг бүрэн хадгалсан нам болж хувирсан бөгөөд тус нам 70 гаруй жилийн турш төрийн эрхийг барьж байлаа. Энэ үеийн Оросын болон бусад коммунист орнуудын ижил төрийн бюрократи тогтолцооноос өргөн нүсэр аппаратай байжээ. Өөрөөр хэлбэл, засаг захиргааны нэгж тус бүрт өөрийн салбар байгууллагаа байгуулахын зэрэгцээ аж ахуйн нэгж, соёлын байгууллагуудад “намын үүр” гэсэн нэмэлт нэгжийг хүртэл байгуулсан. Энэ үеийн намын салбар байгууллага нь аж ахуйн нэгж байгууллагуудад /эмнэлэг, сургууль, үйлдвэр г.м/ болон орон нутгийн засаг захиргаанд удирдлагыг бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг төлөвлөх, хурал цуглаан зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг эрхлэн гүйцэтгэж байв.
Мөн Үндсэн хууль болон бусад хуулинд төр, нийгмийг удирдан жолоодох цорын ганц хүч… хэмээн тунхаглаж, нийгмийн харилцаанд МАХН-ын эзлэх байр суурь хүчтэй байсан бөгөөд иргэдийн дунд нам элсэн том шалгууртайгаар нийгэмд өөрсдийн статусаа тодорхойлж, МАХН-ыг магтан дуулах, бусдад сурталчилах нь иргэний үүрэг байв.
МАХН ба бусад намын харилцаа, хамтын ажиллагаа: Намуудын харилцаа, хамтын ажиллагааг ардчилсан тогтолцоонд шилжиж эхлэн олон намууд байгуулагдсан үеэс нарийвчлан судлах учиртай. 1990 онд улстөрийн олон хөдөлгөөнүүдээс олон жижиг намууд үүссэж зохион байгуулагдсан. Ардчиллын эхэн үед намууд жижиг, үйл ажиллагааны туршлага хомс, боловсон хүчин хомс, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүй байхад МАХН ганцаараа бүх нийтийн хөдөлмөр болох “субботник”-аар бүтээн байгуулсан барилга байгууламжууд, хөрөнгө санхүү болон коммунизмын үед бэлдсэн боловсон хүчний бодлогоо хадгалж үлдэж чадсан. Эндээс харахад Монголын ардчилал гарааны тэгш бус нөхцөлтэйгөөр эхэлжээ гэж дүгнэж болно. Улмаар энэхүү тэгш бус байдал нь шинээр байгуулагдсан жижиг намуудыг “МАХН-ын эсрэг байгуулагдсан ардчиллын төлөөх намууд” гэж нэрлэхэд хүргэсэн байна.
Угаас ноёрхогч нам нь бусад намаа үгүйсгэж ирсэн бөгөөд сөрөг хүчний намуудын харилцаа хамтын ажиллагааг тодотгон авч үзэх нэг хөшүүрэг бол намуудын нэгдэх, задрах, мөн сонгуульд эвсэл байгуулан оролцох зэрэг үйл ажиллагаа юм. Монголын намуудын харилцаа, хамтын ажиллагаа парламентын дотор, болон гадна, холимог хэмээх гурван хүрээгээр ангилж болно. Парламентын доторхи намуудын харилцаа, хамтын ажиллагааг УИХ-д суудал авсан намуудаар хязгаарлаж байхад парламентын гадна харилцаад парламентад суудалгүй намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаар илэрнэ. Харилцааны холимог хэв маяг нь парламентад суудалтай болон суудалгүй намуудын харилцаагаар тодорхойлогдоно. Манай намууд хооронд харилцааны олон хэв маягууд холилдож байдаг. Тухайлбал, зөвшилцийн засгийн газарт намууд хамтарч ажиллаж байсан хэрнээ, сөрөг хүчнүүдтэйгээ (парламентад суудалгүй нам, улстөрийн хөдөлгөөн) хамтран жагсаал цуглаан зохион байгуулдаг.
2004 оны Эвслийн засгийн газрийг эс тооцвол ноёрхогч нам нь бусад намтай хамтарч ажиллаж байсан туршлага хомс гэж хэлж болно. Харин МАХН нь Монголын Ардын Нам /МАН/, Монголын ажилчны Нам /МАжН/, Монголын Ардчилсан Социалист Нам /МАСН/-уудыг өөртөө нэгтгэсэн гэдэг боловч МУ-ын Дээд Шүүхийн бүртгэлээс албан ёсоор хасалт хийлгээгүй байна.[МУ-ын Дээд Шүүхийн бүртгэл. 2005, 8 сар]
МАХН болон бусад намын хооронд бие биеэ үгүйсгэсэн харилцаа давамгайлж байна. МАХН-ын болон Ардчиллын төлөөх намууд хоёулаа нам засгийн эрхийг авсны дараа “манай засгийн газар юу ч байхгүй өртэй байхад нь авч өдий зэрэгтэй болгож байна. Энэ бол манай засгийн газрын ажил” гэдэг мессежийг ард түмэнд цацдаг. Энэ нь иргэдийн сэтгэлзүйд хүчтэй очдог бөгөөд сонгогчдын дунд “манай нам сайн, танай нам муу” гэсэн хагалж бутаргах, сонгогчдыг хоёр туйлд хуваах улстөрийн манипуляцийг хийдэг.
2004 оны УИХ-ын сонгуулийн дүн аль нэг намд дангаар засгийн эрх барих боломж олгоогүй учир МАХН болон Эх орон-Ардчилал эвслийн хамтарсан “ИХ ЭВСЭЛ”-ийн засгийн газар байгуулагдсан. Их эвслийн засгийн газрыг бүрдүүлж буй намууд өөрсдийн мөрийн хөтөлбөрийн гол гол зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд харилцан буулт хийх байр суурь баримталж байна. Энэ харилцаа түр зуурын шинжтэй болно. Тухайлбал, Эх орон ардчилал эвслийн “Хүүхдийн мөнгө”, “40000 айлын орон сууц”, МАХН-ын “Шинэ гэр бүлийн 500000”, “Шинэ хүүхдийн 100000” зэрэг амлалтуудын дундын хувилбарыг боловсруулж хэрэгжүүлж байна.
Гэвч МАХН хүчтэй нөлөөлөл, “Эх орон-Ардчилал” эвслийг бүрдүүлж байсан намуудын дотоод хямрал зэрэг нь МАХН-д засгийн эрх барих том боломжийг олгоод байна. Энэ тохиолдол нь дээрх өгүүлснээр хоёр намын систем рүү шилжиж буй улс заримдаа ноёрхогч намыг төрүүлж хоёрдогч нам нь иргэдийн итгэлийг алдаж, гутамшигт байдалд ордгийн жишээ энэ юм. Одоогоор эрх баригч нам (МАХН)-тай өрсөлдөж чадах улстөрийн хүчин байхгүй болсон бөгөөд “барьцаалагдсан засгийн газар ” гэж нэрлэж болно. 1996-2000 оны “Ардчилсан Холбоо” эвсэл дөрвөн удаа засгийн газраа огцруулсан нь МАХН-ын нөлөө байсан бөгөөд өнөөдөр ардчиллынханд ”засгийн газраа нураадаг нам” гэсэн цолыг ард түмэн өгсөн.
МАХН-ын дотоод ардчилал: Намын дотоод ардчиллыг хааж байдаг хоёр үндсэн шинж МАХН-д хамгийн хүчтэйгээр хадгалагдаж байдаг. МАХН нь харизматик лидерээр удирдуулж, ардчилсан төвлөрлийг хэт шүтэж байгаа явдал юм. Энэхүү хоёр шинж бол улстөрийн намыг ардчилсан бус болгож байдаг хамгийн аюултай удирдлага болон зохион байгуулалтын шинжүүд юм.*** Мөн энэ нам нь дотоод ардчиллыг тодорхойлоход туслах хүчин зүйлс болох нам доторхи жендерийн квот, нэр дэвшүүлэх үйл явц [Julie Ballington.,2004], шийдвэр гаргах процесс, санхүүгийн үйл ажиллагаа [Gerelt-Od.E.,2004.] зэргийг ардчилсан үнэлэмжид тулгуурлаж нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна. Үнэндээ нам ардчилалгүй байхад намын гишүүд, идэвхитнүүдийн сул дорой, ноомой байдалтай шууд холбоотой бөгөөд аль 19 зуунд судлаач R.Michels ‘Улс төрийн нам’ зохиолдоо oligahical iron law-ийн үзэл санаанд тусгаж байсан.
Улстөрийн намуудын хувьд дотооддоо ардчиллыг бэхжүүлж байдаг нэгэн шинж бол альтернатив сонирхлыг илэрхийлэгч фракцыг дэмжсэн бодлогыг нам дотроо нээлттэй болгохоор хуульчилах ёстой. Гэтэл фракцийн аливаа үйл явцыг дэмжих биш харин нухчин дарж буй нь нам доторхи шинэлэг үзэл санааг хааж байна. Жишээ нь МАХН-ын доторхи 2004 онд гарч ирсэн “Шударга ёс” бүлэг болон намын нарийн бичгийн дарга асан Энхтүвшингийн фракцийг хэлж болно.
Шинжээчид намын доторхи өрсөлдөөний альтернатив эх үүсвэрийг баталгаажуулах хэрэгтэй үздэг Мөн нам дотор лидерийн дарангуйлал тогтохоос сэргийлж удирдах дээд байгууллагын сонгуулийг хоёр жил тутам хэсэгчилсэн байдлаар дахин сонгож чадвал намыг дотоод ардчилалтай болгох чухал хөшүүрэг болох юм.
Судлаач Д.Ганхуяг, Доржсүрэн нар ”Монгол дахь ардчилал: сорилт ба боломж” үндэсний бага хуралд тавьсан илтгэлдээ “…МАХН төр, бизнес, намын боловсон хүчний нөөцийг нэг дор зангидсан хүчирхэг эрх мэдлийн нам болсон” [Ц.Ганхуяг. Н.Доржсүрэн. 2005] гэж өгүүлжээ. Эрх баригч нам болох МАХН нь хатуу дэг журамтай, намын доторхи албан тушаалын статус бат бөх байдаг, удирдагчын байр суурьт харш аливаа үзэл санааг дэлгэрүүлдэггүй, үзэл санааны биш эрх ашгийн фракцийг дагсан бүлэглэлүүдтэй, намын дүрэмдээ бюрократи тогтолцоог хатуу мөрдсөн ардчилсан бус нам болж хувираад байна.
Намын гишүүд, дэмжигчид ба улстөрийн соёл: МАХН-ын дангаар засаглаж байсан 1990 оноос өмнөх үед намд элсэх нь иргэний нэр төрийн хэрэг байсан бөгөөд намын гишүүн хүн үзэл суртлыг дэлгэрүүлэх, нам-засгийн үйл хэрэгт гар бие оролцох, олон нийтэд сайн үлгэр дуурайлал үзүүлэх, намд гишүүний татвар төлөх зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байв.
Харин өнөөдөр МАХН-ын дүрмийн 3.2-т намын гишүүн нь намын анхан шатны аль нэг байгууллагад харъяалагдаж, тvvний vйл ажиллагаанд идэвхтэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжvvлэх, намын дvрмийг биелvvлэх; намын эгнээ, дэмжигчдийн хvрээг өргөтгөхөд санаачилга гаргах; төрийн аливаа сонгуульд МАХН-ын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчийг сурталчлах; намын эрх ашигт vл нийцэх улс төрийн аливаа vйл ажиллагааг дэмжихгvй байх, намын нэр хvнд, эв нэгдлийг хамгаалах; гишvvний татварыг тогтоосон хугацаанд өгөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхи санаачилга гаргах, намын бvх шатны сонгуульт албан тушаалтан нь намын бодлого, vйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, намын гишvvд, дэмжигчдийн мэдлэг боловсролыг дээшлvvлэхэд туслах, намын байгууллагыг бэхжvvлэх, сан хөмрөгийг аривжуулахад туслалцаа vзvvлэх vvрэгтэйг тус тус тодорхой зааж өгсөн байдаг. [МАХН-ын дүрэм. 2005: 8]
МАХН-ын гишүүдэд улстөрийн идэвхитэй оролцоо байхгүй. Гэсэн хэрнээ намын зүгээс гишүүнчлэлийн бодлогод хатуу анхаарч нарийвчилсан бүртгэлийг тогтмол хийдэг онцлогтой.
Магадгүй зарим судлаачид улстөрийн соёлтой, ухаалаг сонголт хийж чаддаг гэж дүгнэж болох юм. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох хүн хуулиа зөрчдөг, сонгогчдыг шууд ба шууд бусаар саналыг худалдаж авдаг, өөрсдийгөө төрийн өндөр албанд заяагдсан хүн гэж зарладаг нэр дэвшигчдийг бид сонгодог. Энэ бол ард түмний саналыг авахын тулд ард түмнийг басамжилж, доромжилж байгаа үйлдэл. Ихэнхи сонгогчид үүнийг мэдснээр байж өөр хүн байхгүй юм чинь гэсэн хүлцэнгүй байр суурьтай байдаг.
Сонгогчдын ноомой, сул байдал нь намыг ардчилалгүй болгодог гэдэг дүгнэлтийг Германы судлаач Р.Михельс 19-р зуунд гарж байсан. Монголд өнөөдөр ч сонгосон төлөөлөгчтэйгөө ч тухтай уулзаж, үзэл бодол, байр сууриа илэрхийлж чадахгүй, ардчилсан үнэт зүйл төлөвшиж чадаагүй, улстөрийн байр сууриа ч цэгцтэй илэрхийлж чадах сонгогч ховор байна. Манай сонгогчид хатуу чанга удирддагчийг хүсэн хүлээдэг болохыг Зүүн Азид явуулсан судалгаагаар өндөр байгааг нотлогдоод байна. [Зүүн Азийн Барометр. 2005: 109]
Монголчуудын сэтгэлгээнд намын гишүүн хүн илүү сайн ажил хийж, бусдаас сайхан амьдардаг жишиг тогтоод удаж байна. Үүнийг коммунизмын үед В.И.Ленин “зүүний нялхасын өвчин” гэж тодорхойлж байсан. Гэвч энэхүү өвчин коммунист намыг дарангуйлагч нам болгосон, мөн коммунизм задран унахад нөлөөлсөн үндсэн хүчин зүйл. Эдүгээ энэ нялхасын өвчин нийгмийн дээд давхраа, номенклатуруудын дунд даамжраад “мөнгөтэй болохыг хүсэгчдийн бүлэглэл”, жирийн сонгогчдын төвшинд “улс төрийн хийрхэл” болж хувираад байна. Албан бус мэдээгээр манай насанд хүрсэн иргэдийн бараг бүгдээрээ намын гишүүний үнэмлэхтэй.
Ц.Ганхуяг “Монгол дахь ардчилал: сорилт, боломж” үндэсний бага хуралд тавьсан итгэлтдээ “Зүүн Азийн Барометр” судалгааны дүнгээс харахад өнөөгийн Монголын иргэдийн ихэнх нь ардчиллыг дэглэмийнх нь хувьд дэмждэг боловч авторитар хэм хэмжээ, үйл явцыг ардчиллаас илүүд үздэг, хатуу чанга удирдагч, удирдлагын ардчилсан бус хэв маяг, арга барилыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл дундаж монгол хүн тогтсон үзэл бодол, итгэл үнэмшил бараг байхгүй, үнэт зүйлсийн хэт холимог системтэй, үлэмж зөрчилтэй, өөрийнхөө үзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгүй болохыг тодорхойлсон.
Урьд МАХН-ын гишүүнчлэлийн бодлого маш хатуу байсан нь жирийн иргэдийн дунд намд элсэх эрэлтийг ихэсгэсэн бөгөөд ардчилалд шилжиж олон намууд байгуулагдахад үед эрх баригч намаас олон гишүүд гарсан ч, нялхсын өвчнөөр өвчилсөн дундаж ангийхнаар эгнээгээ шинэчилэх боломж олгожээ. Сонирхолтой нь өнөөгийн ардчилал руу шилжиж буй пост-коммунист орнуудын хуучин эрх баригч намуудаас гишүүнчлэлийн тоогоо хадгалж үлдсэн, бүр нэмэгдсэн нам бол цорын ганц нам бол Монголын МАХН болоод байна. Үүний шалтгаан нь ердөө л дээрхи “нялхасын өвчин” юм. 1990 оноос хойшхи парламентын болон ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын авсан саналаас харахад нийт сонгогчдын 50 гаруй хувийн төлөөллийн авч иржээ.
Сөрөг хүчин ба жижиг намууд
Сөрөг хүчний намуудын үүсэл, хөгжил, төлөвшил нь 1990 оноос хойшхи олон намуудын түүхтэй холбоотой. Монгол дахь улстөрийн жижиг нам төлөвшиж, улстөрийн системд тогтвортой байр сууриа олоход гарааны тэгш бус байдал хүчтэй нөлөөлснийг дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, жижиг намуудын хувьд бэлтгэгдсэн хөрөнгө, боловсон хүчин байхгүй байсан.
Монгол дахь жижиг намуудын үүслийг судлаач Фритц (2002). Mongolia: Dependent Democratization өгүүлэлдээ “…сөрөг хүчний бүлгүүд МАХН-ын жанжлалд сөрөн зогсож чадахуйц амьдрах чадвартай намын байгууллагуудыг бий болгох ажилд гараанаас эхлэх хэрэгтэй болсон юм” гэж өгүүлжээ. Мөн судлаач С Фиш (1998) ‘Mongolia: Democracy without Prerequisites’ өгүүлэлдээ сөрөг хүчний намуудын төлөвшлийг “1993-1996 оны хооронд тэд 21 аймагт төлөөллөө бий болгож, өөрийн байгууллагуудыг нэгтгэн, хүчтэй намуудын жижиг цогцыг бий болгосон нь Ардчилсан Холбоо Эвсэл болж 1996 оны Парламентын сонгуульд МАХН-ыг ялсан” дурдсан байна. . /Монгол дахь ардчиллын төлөв байдал урьдчилсан судалгаа. Доктор Тодд Лэндмэн Марко Ларицца Клэр МaкЭвой УБ., 2005 х-45/
1990-1997 он хүртэл хугацаа жижиг намуудын идэвхитэй өсөлтийн үр байсан бөгөөд энэ хугацаанд олон намууд төрсөн, нийгмийн эрэлт хэрэгцээ ч хангалттай байжээ. Гэвч сөрөг хүчний намууд энэ цаг үеийн шинжтэй боломжийг ашиглаж чадаагүй бөгөөд үүнд нь МАХН-ын хүчтэй нөлөө, жижиг намуудын доторхи эрх мэдлийн өрсөлдөөн, хоорондоо болон дотроо зөрчилтэй байсан нь шууд нөлөөлсөн юм. Үүнийг Сантмарал сангийн судалгааны “маргааш сонгууль болвол та аль намд саналаа өгөх вэ?” гэсэн асуултанд хариулсан байдлаар намд итгэх итгэлийн графикаар тодорхойлогдоно. /Зураг 8-ыг хар./
Ноёрхогч намын зүгээс сонгуулийн хуулийг ашиглан жижиг намууддаа хөгжих боломжийг огт олгоогүй. Үүний үндэс нь сонгуулийн тогтолцоо. Монгол Улс сонгуулийн олон мандаттай /1992/ болон нэг мандаттай /1996, 2000, 2004/ можаритари сонгуулийг тогтолцоог парламентын сонгуульд ашиглаж ирсэн. Гэтэл энэ сонгуулийн тогтолцоо нь голлох 1-2 намуудад суудал олгодог хувилбар юм. Сонгуулийн тогтолцоо нь ерөнхийдөө санал хураалт явагдсны дараахи үр дүнг ашиглан суудал хуваарилах аргчилал бөгөөд улс орнуудын туршлагыг харж байхад олон намын тогтолцооны эхэн үед ихэвчлэн пропорциональ тогтолцоог ашигладаг.
Монгол дахь жижиг намууд үндсэндээ МАХН-ын эсрэг үүссэн нэгэн блок бөгөөд лидерүүдийн улстөрийн сонирхол /амбиц/ ардчиллын үнэлэмж сул, бүтэц зохион байгуулалт хязгаарлагдмал, хөрөнгө, санхүүгийн хувьд бэхжиж чадаагүй байгаа нь улстөрийн тавцанд гарч чаддаггүй.
Монгол дахь сөрөг хүчний намууд нэгдэж сонгуульд орсон үедээ ялалт байгуулдаг болохыг өнгөрсөн сонгуулиудын дүн харуулж байна. Тухайлбал, 1996 онд МҮАН, МСДН, МАжНН-ууд “Ардчилсан Холбоо” эвсэл, 2004 оны УИХ-ын сонгуульд АН, МАШСН, ИЗ-БНН-ууд “Эх орон-Ардчилал” эвслийг байгуулж УИХ-ын сонгуульд оролцсноор тодорхой амжилтад хүрч байсан. Харин эсрэгээрэээ сөрөг хүчний намууд дангаар сонгуульд өрсөлдөж байсан үедээ өөрсдийн санаа хуваадаг болохыг 1992, 2000 оны УИХ-ын сонгууль харуулж байна. Эндээс дүгнэхэд сөрөг хүчний намуудад итгэлтэй хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна. Тэд хамтарч чадснаар нэг намын ноёрхолыг задлах, улмаар хоёр намын систем төлөвшихөд тустай.